Солонгос банш /만두/-Mandu
ОРЦ: 60ш банш
1. Гахайн мах -250гр
2. Үхрийн мах - 500гр
3. Бууцай - 1кг
4. Мөөг - 4-5ш
5. Бөөрөнхий сонгино - 0,5ш
6. Дүпү - 0,5ш
7. Сармис - 3 хумс
8. Давс - 1ц/х
9. Элсэн чихэр
10. Гүнжидийн тос - 1х/х
11. Наранцэцэгийн тос
12. Загасны усан тос
13. Өндөг
14. Ногоон сонгино
15. Элдсэн бэлэн гурил - 60ш
16. Хар перец - 0,5 ц/х
ХИЙХ АРГАЧЛАЛ:

Үхрийн мах, гахайн махаа машигдаж бэлтгэнэ. Том саван 2 махаа хольж хийгээд дээр нь 1 ц/х давс, 1 х/х гүнжидийн тос, 0,5 ц/х хар перец хийж базна. Бууцайгаа угааж хуурай салфетка эсвэл даавуун алчуураар усыг нь шингээж аваад жижиглэн хэрчинэ. Хэрчсэн бууцай 2 аяга орчим болсон байна. Хэрчсэн бууцайндаа 1 х/х наранцэцэгийн тос хийж хутгаад махтай савандаа нэмж хийнэ. Мөн 4-5ш мөөг /хэрвээ та хатаасан мөөг авсан бол баншаа хийхээсээ өмнө 2 цаг орчим бүлээн усанд дэвтээсэн байх шаардлагатай/, 0,5ш бөөрөнхий сонгиноо жижиглэн хэрчиж бэлтгэнэ. 1 ц/х цуу, 1 ц/х элсэн чихэр, 2 ц/х гүнжидийн тос зэргийг жижиг аяганд хийж уустал нь холиод бэлтгэсэн мөөг сонгино дээрээ хийж хутгана. Мөн махан дээрээ хийж өгнө. Одоо дүпүгээ салфетка эсвэл даавуун алчуураар усыг нь шүүж базаад аяганд хийж чимх давс, 1 х/х гүнжидийн тос хийж хутгаад махандаа хийн өгнө. 3 хумс сармисаа бяцлан жижиглэн хэрчээд махандаа хийнэ. Ингээд бүх бэлтгэсэн мах ногоогоо хооронд нь сайтар хольж базна даа.

Банш тавих хавтангаа бэлтгээд бэлэн гуриландаа махаа боож чимхэж бэлтгэнэ. Солонгост бэлэн элдсэн гурил худалдаалдаг ч та гурилаа зуурч элдэж хийсэн ч болно. Чимхэхэд хялбар болгох үүднээс элдсэн гурилныхаа ирмэгийг усаар норгоорой. Баншаа 2 янзаар чимхэж бэлтгэж болно. Нэг янзаар чимхсэн баншаа шарж нөгөөг нь банштай шөл хийхэд ашиглаж болно шүү дээ.

Баншаа чимхэж дуусаад шууд хэрэглэсэн ч болно. Эсвэл хөлдөөгчиндөө хийж хөлдөөгөөд дараа хэрэглэсэн ч болно.
Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд баншаа хийж 2 талаар нь шараарай. Баншныхаа 2 талыг алтан шаргал өнгөтэй болтол шараад 1 х/х ус хийгээрэй.

Мөн дээр хэлж байсанчлан шөл хийж болно. 8 аяга усанд 8ш хатаасан мёльчи хийж буцалгана. Мёльчи мах хийгээгүй тохиолдолд шөл гаргахад ашигладаг загас юм. Хэдэн минут буцалгаад уснаасаа мёльчигээ гаргаад 1 х/х загасны усан тос, бага зэрэг давс, сармис хийж дээр нь баншаа хийн буцалгана. Шөлөндөө баншаа болоод ирэхээр жижиглэн хэрчсэн ногоон сонгино хийгээрэй. Шөлөндөө 1ш өндөг хагалаад хийсэн ч болно.

Бичсэн: Magic cafe | цаг: 13:13 |
Солонгос хоол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
sain bn
ene site iin hoolnuudaas 4n hool gertee hiisen, ih saihan amttai bolj bnlee. daiaad hool nembel dagaad hiihed belen huleej suugaa shuu.
Amjilt husie!!!
Amjilt husie!!!
Бичсэн: Sodoo
цаг: 05:33, 2010-06-27 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих